Мэргэжил Мэргэшлийн Ялгаа

Саяхан манай менежер биднийг цуглуулаад нэг юмны талаар ярилцлаа. Apple-н hardware engineering групт олон байгууллагууд ордог түүн дотроо манай Display, Тouch-д нэлээд хэдэн багууд бий. Хэдийгээр энэ багуудын гол зорилго нэг хэдий ч хоорондоо бас яггүй өрсөлдөөнтэй байдаг. Энэ нь хэн хэр их зүйл хийж байгаа, хэний ажил хамгийн их мэдэгдэхүйц үр дүн гаргаж бна, хэн нь зүгээр өгөгдсөн даалгавараа хийгээд сууж байна гээд олон зүйлээс шалтгаалдаг. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг өрсөлдөөний талбар болсон нийтийн хэрэглээний электрон гаджет хийдэг компаний хувьд Apple хамгийн сүүлийн үеийн технологыг ямагт хайж үгүйлж байдаг. Тэгээд ч менежерийн маань ярьсан зүйлсээс санаанд үлдсэн нэг зүйл нь яаж богино хугацаанд их үр дүн гаргах магадлалтай технологыг гартаа оруулж аван гүнзгий мэдлэгтэй болох талаар байв. Ямарваа зүйлийг хамгын түрүүнд олж мэдэх нь чухал биш харин хамгийн түрүүнд гартаа оруулж аван түүгээрээ эксперт болсон тохиолдолд та түүний эзэн нь болно. Хэрвээ хүн болгон тэр сэдвээр тань дээр ирж зөвлөгөө авдаг, багийн болон салбарын уулзалтанд тэр асуудал хөндөгдөхөд бүгд тань руу хардаг бол таны мэдлэгийг улмаар таны эзэмшлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Технологын салбарт ерөнхий мэдлэгтэй хүн өрсөлдөхөд амар биш. Ямарваа нэгэн мэдлэгээр гүнзгийрч эксперт болсон нөхцөлд ажил олох нь ч амар олсон газартаа ч нэр хүндтэй хэрэгцээтэй хүний нэг байх болно. Анх коллежи юм уу их сургуульд ороод ерөнхий мэдлэгийн мэргэжил сонгоод хэрэггүй. Олон зүйлээр оролд гэхдээ эцсийн зорилго нь нэг зүйлээр дагнах түүнийгээ олоход өөрийгөө дайчлах нь чухал. Бодит амьдрал дээр олон жил ажилласан хүнтэй өрсөлдөх хэмжээний цар хүрээтэй болохыг л яриад байна л даа. Монголд энэ хоёрын ялгааг харж мэддэггүй. Ихэнх нөхцөлд хүний ямар диплом өвөртлөн явааг асуухаас яг юу хийж чаддагыг нь сонирхдоггүй. Өнөөдөр Silicon Valley-д 10-н жилийн боловсролтой тэр бумаар хэмжигдэх хөрөнгөтэй 30 гаруй насны залуучууд цөөнгүй бий. Тэдний болон тэдний ажиллуулдаг компани таны ямар мэргэжлээр сурснаас илүү юугаар мэргэшснийг тань сонирхох болно. Энэ нь ажилд орохоос гадна их дээд сургуулиудад мастер, PhD хийхэд ч хэрэг болно. Таньтай өрсөлдөж байгаа мянга мянган оюутнуудаас хамгийн сайн сургууль, хамгийн сайн багш нар GPA, бакалаварын дипломыг чинь анзаарахгүй харин түүнээс гадна таны юу хийж бүтээсэн юугаар гаршсаныг илүү анхаарах байх.

Амгалан


Facebook хуудас нээв

Сайн байцгаана уу, уншигчдаа!

Энэхүү линкийг дарж манай Facebook хуудсыг сонирxоорой. Та бүxэн манай хуудсан дээр like дарснаар бидний тавьсан шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй уншиx боломжтой боллоо. Бид энэхүү блог дээрээ үргэлжлүүлэн нийтлэл тавиx болно. Харин Facebook page-ийг зөвхөн шинэ соргог мэдээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ашиглаx бодолтой байгаа.

Баярлалаа.


Шинэ Жилийн Зорилго

Цаг хугацаа нисэн одсоор нэг л мэдэхэд шинэ жил ирлээ. Үүнтэй зэрэгцээд хүн болгон шинэ жилийн зорилго, мөрөөдөл, хийх ажил, төлөвлөх зүйл гээд бодож эхлэнэ. Мэдээж хөдөлмөрийн бүтээмж өндөр, ихийг хийж бүтээдэг хүмүүс зорилго төлөвлөгөөгөө жилдээ нэг удаа биш энэ ажлыг өглөө болгон хийдэг. Энэ бол хааяа нэг санаа нь зовсондоо юмуу эсвэл өөрийгөө өрөвдсөндөө хийх үүрэг биш амьдралын хэвшил бараг шашин шүтлэг шиг юм. Би тийм үр бүтээлтэй хүмүүсийн амьдралын тухай, тэдний өдрийн тэмдэглэл, блогыг унших дуртай. Тэдний амьдралын тэмцэл бол зүгээр сууж нэг ч хормыг өнгөрөөхгүй байх, өөрийнхөө биеийг бодон бөөцийлж хорвоод зүгээр орших гэж төрсөн биш өдөр болгон шинийг бүтээн өөрсдийнхөө болон бусдын амьдралыг өөрчилж татаж байдаг.

Хааяа нэг тийм хүмүүстэй тааралдах бүр хамтран ажиллах боломж гардаг. Миний хувьд манай сургуулийн хамгаалах сэдвийг хариуцсан багш маань санаанд орж байна. Тэр өдөр болгон өглөөний 7 цагт ажилдаа ирээд өдрийнхөө хийх бүтээх бүх ажлаа нэг хуудсан дээр бичиж түүнийгээ ягштал дагаж зөвхөн дууссан хойно нь л харьдаг. Зарим хүний жилдээ нэг бичдэг зүйлийг өдөр болгон хийж заншсан түүний ажлын хуваарь, зохицуулалт, хийсэн бүтээсэн зүйл дээр дурьдсан хүмүүстэй зүйрлэшгүй. Энэ бол зөвхөн нэг хувь хүний чанар биш бас бүхэл бүтэн байгууллагын хэв заншил байж болно. Мэдээж ийм байгууллагыг бүрдүүлж байгаа хүмүүс цагыг үрж өнгөрүүлсэн залхуу амьтад бол ерөөсөө бүтэхгүй. Саяхан өөд болсон Apple-н удирдагч Steve Jobs ажилчиддаа байнга соргог байж үргэлж шинийг бүтээх, ирээдүй рүү тэмүүлэхийг сануулдаг түүнийг ч шаарддаг байсан. Түүний хувьд өнөөдрийн амжилт, бүтээн байгуулалт сонин биш тэгээд ч байнга бид нарын амжилт манай маргаашын бүтээгдэхүүнээр тодорхойлогдоно гэж хэлдэг байв. Түүний саяхан хэвлэгдэн гарсан намтарт чухам ямар хязгааргүй их хүсэл зорилготой, ямар ч юмыг төгс болгохын төлөө тэмцдэг, залхуу, бүтээлч бус байдлыг тэвчиж чаддаггүй байсныг харуулдаг. Тийм хүн мэдээж өөртэйгөө адилхан хүмүүсийг татаж, зөвхөн ижил хүсэл зорилготой хүмүүсээр өөрийн багыг бүрдүүлж тийм орчныг байгуулагатаа бий болгохыг хүснэ.

Ямар ч агуу их аян зам жижигхэн алхамуудаас бүрддэг гэсэн Японы Зэн сургааль бий. Хэдийгээр анх сонсоход дарамттай сонсддог ч үнэн хэрэгтээ энгийн бөгөөд сэтгэлд дэмтэй сургааль. Ухаан нь агуу ихийг бүтээх агуу их хүн ховор бараг нэг эринд нэг гардаг, харин хүн бүр нэг алхам хийж чаддаг. Ингээд өнгөрсөн оныхоо амжилт алдаагаа эрэгцүүлж ирэх ондоо хийж бүтээхээ боддог энэ цагт таны ирээдүйн бүтээн байгуулалт их аян замд тань амжилт хүсье.

Шинэ жилийн мэнд!

Амгалан


Эрэлттэй Мэргэжил

Сүүлийн үед Америкт ажилгүйдэл ихсэж хүмүүсийн амьдралын төвшин доройтож энэ нь үндэсний хэмжээний том асуудал боллоо. Хэдийгээр улсаас хувийн аж ахуй бизнесийг хөгжүүлэх тэднийг аль болох олон хүний ажлын байр бий болгохыг дэмждэг ч үр дүн хангалтгүй. Харин Калифорни мужид орших Silicon Valley буюу цахиурийн хөндий гэгч техник технологийн өлгий болсон газарт тэс ондоо үзэгдэл ажиглагддаг. Энд байрлах технологийн компани, судалгааны төвүүд Америкаас хангалттай тооны мэргэжилтэн олж чадахгүй гаднаас импортлон, олсныгоо хоорондоо булаацалдан бие биенээсээ хулгайлах нь энгийн үзэгдэл. Жишээлэхэд сүүлийн үед хурдтай өсч хэрэглэгчдийн шилдэг брэндийн нэг болсон Apple-д маш олон инженерийн хэрэгцээ бий болж бна. Хэдийгээр ажлын байр их нээгддэг ч түүнд таарч тохирох мэргэжилтэн харамсалтай нь олддоггүй. Үүнээс болоод Америкт ажилгүйдэл 9% байхад Солонгос, Япон, Тайванаас мэргэжилтэн олж Америкт авчран ногоон карт өгөн суурьшуулдаг.

Энэ бүгдээс харахад нэг зүйл ойлгомжтой – даяарчлалын эринд ихэнх ажлыг хөдөлмөрийн бүтээмж муу ч хамгийн хямдхан болох хятад, энэтхэгийн зуу зуун саяар хэмжигдэх ажиллах хүчин хийх нь эдийн засгийн хамгийн хэмнэлттэй болж зөвхөн тэдний хийж чадахааргүй ажил нь үлдэж бна. Үүнд зөвхөн хүнд хэцүү биеийн хүчний ажил орно гэж бодож болохгүй, түүнийг оруулаад дээрээс нь автоматжуулж болох бүх зүйлс, дээрээс нь дээд сургуулийн анхан шатны мэдлэг шаардагдах наад захын database хийх, боловсруулах, тэр ч бүү хэл саяхныг болтол нарийн мэргэжилд орохоор байсан нягтлангийн ажил орж бна. Америкийн ихэнх том фирмүүд санхүүгийн тооцооны ажлыг outsourcing хийх болсон нь энгийн үзэгдэл. Яагаад гэвэл өнөөдөр Хятадад л гэхэд жилд хэдэн сая залуучууд их дээд сургуулиас эдгээр мэргэжлээр төгсөөд ажльн байр хайж байгаа. Энэ бол хэдэн зуун сая биеийн хүчний ажил хийж ар гэрээ тэтгэхээр нүүдэллэн явдаг тариачдаас гадна шүү дээ. Өнөөдөр Америкийн ихэнх үйлдвэрт байдаг байсан ажил тэр чигээрээ үйлдвэртэйгээ хамт Хятад руу гарчихсан нь өнгөрсөн хэрэг. Гэтэл цаана чинь түүн дээр нэмээд хэрэглэгчидтэй харьцах алба (customer support), веб дизайн болон наад захын програмчлалын ажил, тэгээд дээр дурдсан нягтлан бодох болон татварын ажил хүртэл нэмээд гарч эхлэлээ. Энэ бол зөвхөн Америкт гарч байгаа үзэгдэл биш Монголд мөн л харагдаж бна. Барилга, тариалан, мал аж ахуй гээд Хятадгүй газар алга болжээ. Удалгүй бий болно гэж ярьж байгаа олон зуун уурхай тэдний бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд хэнийг ажиллуулах вэ? Ямар ч нөхцөлд Монгол хүнээс 2 дахин бага цалингаар ажиллах Хятадын тариачин байгаа л бол эдийн засгийн хуулийнхаа дагуу тэд л ажлын байртай болно.

Тэгвэл өнөөдрийн энэ нөхцөлд хамгийн найдвартай мэргэжил юу вэ. Ямар мэргэжил таны амьдралын баталгааг хангах хэмжээний цалин өгөөжтэй байж бас дээр нь хямд ажиллах хүчний дайралтанд өртөxөөргүй байж болох уу. Энэ асуудал гэхдээ юу нь мэдэгдэхгүй юм хийгээд мөнгө олоод байдаг Монголын олон бизнесменүүдэд хамаагүй, харин өдгөө 10-р ангиа төгсч байгаа эсвэл баклаврынхаа зэргийг хамгаалаад дараа нь юу хийхээ бодож байгаа Монголын ирээдүй болох олон залуучуудад хамаатай асуудал. Маргааш та бид нар юу нь ч мэдэгдэхээргүй юм хийгээд, хий хоосноос мөнгө гаргах бололцоо бараг байхгүй болно. Та миний чухам юу хэлэх гээд байгааг гадарлаж байгаа байх – инженер, техник, шинжлэх ухаанаар мэргэжихийг л яриад байна. Үнэндээ саяхныг болтол Монголд ихэнх хүмүүс хүүхдээ аль болох хууль, эдийн засаг, эсвэл бизнесийн салбарт оруулахыг эрмэлздэг байснаа болиод математик, физик, инженерийн сургууль сонирхох болсон нь олзуурхмаар. Гэхдээ үүнийг улам илүү өргөн цар хүрээтэй хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож бна. Ихэнх нөхцөлд эдгээр мэргэжлээр суралцахад бакалаврын зэрэг бас хангалттай биш, мастерт суралцаж байж л нарийн төрөлжсөн мэдлэгийг олж авах бололцоотой болдог. Тэгээд ч цаашдаа Монголд наад захын технологийн салбар хөгжүүлж бий болгоно гэвэл мастер, докторын зэрэгтэй хэдэн мянган инженер, эрдэмтэн, судлаачид зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр шинжлэх ухааны салбарт хамгийн нөлөөтэй, техник технологоор хамгийн өндөр мэргэшсэн улсууд ийм л мэргэжилтэнгүүдээр бий болсон.

Эцэст нь хэлэхэд хэрвээ та хаанаас ийм мэргэжил сурч олж авах уу, ороход хэр бололцоотой, хэр хэмжээний өндөр төлбөртэй бол гэх зэргийг бодож байгаа бол таатай мэдээ дуулгая. Америкийн их дээд сургуулиуд энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд харин эдгээр сургуулиудад суралцах оюутны тоо хүрэлцээгүй бна. Дээр дурьдсан мэргэжлээр суралцагcдын ихэнх нь гадаад оюутнууд байдаг нь нууц биш. Миний төгссөн сургуулийн профессор багш нар л гэхэд сайн оюутнууд олж чадахгүй Америкийн олон арван сургуулиудаар яван эцэстээ нөгөө л Хятад, Энэтхэгийн оюутнуудыг элсүүлэн авдаг байлаа. Миний бодож явдаг зүйлсийн нэг бол энэ – Монголын дунд, дээд сургуулиудыг дүүргэж байгаа олон зуун авьяас билэгтэй залуус дэлхийн шилдэг сургуулиудад орч шинжлэх ухаан технологийн хамгийн шинээс нь суралцаж, судлаж түүгээрээ ирээдүйн мянга мянган хүүхдүүдийг дагуулаасай гэж. Мэдээж үүнийг бодит байдал болгох хувь нэмрээ бид бас хийх болно.

Амгалан


Бэлтгэл хамгийн чухал

Энx-Амгалангийн өмнө бичсэн ажлын ярилцлагын талаар би бас өөрийн бодлоо бичье гэж бодлоо. Би оюутан байхдаа ажлын болон зуны дадлагын гээд нийтэд нь тоолбол бараг 30 гаруй ярилцлага өгч байсан байх. Эхэндээ маш олон алдаа хийдэг байснаа санаж байна.

Туршилтын туулай — Хамгийн анх ярилцлага өгсөн байгууллага бол Amazon. Би тухайн үед 2-р курс байсан санаж байна. Тавьсан асуулт нь: 5GB хэмжээтэй файлд байх тоонуудыг өсөхөөр эрэмбэлээд шинэ файлд хадгал гэсэн даалгавар байсан юм. Гэвч таньд зөвхөн 3GB санаx ой байгаа гэсэн хязгаарлалттай байлаа (Энэxүү асуултыг бодож хариултыг нь коммэнт-нд үлдээхийг уриалж байна). Энэ асуулт компьютерийн хурд болон санах ойг хэрхэн зөв хуваарьлахыг шалгасан энгийн асуулт байлаа. Гэвч мунхаг өчүүxэн миний бие бүдэрсэн юм. Одоо бодоход ер нь бүдэрсэн шалтгаан нь ямар ч туршлагагуй байсан байдал гэж өөрийгөө өмөөрмөөр байгаа юм. Анх ярилцлаганд орохдоо ямархуу төрлийн асуулт ирэх тухай ямар ч төсөөлөлгүй орсон юм. Шинээр ажил хайж байгаа хүмүүст миний зүгээс зөвлөxөд хамгийн ормоор байгаа байгууллагадаа хэзээ ч битгий 1-рт ярилцлага өгөөрэй учир нь таны унах магадлал нэлээн өндөр буюу 85.6% юм (Мөн нэмж хэлэхэд нийт статистик мэдээллийн 45.5% нь худлаа байдаг шүү :))

Дэмий цагаа үрэх шаардлагагүй — Манай сургуульд жилд 2 удаа (намар болон хавар) компаниуд ирж оюутнуудын хувийн материал, өргөдөл цуглуулж авдаг өдөрлөг болдог юм. Энэ үеэр нийтдээ 200,300-аад байгууллагууд ирдэг бөгөөд яг компьютерийн инженерийн мэргэжлийн оюутнууд хайсан нь хамгийн их байдаг байв. Мөн сонирхуулахад математик, механикийн инженер, хими биологийн инженерийн мэргэжлүүд бас эрэлт хэрэгцээ их байдаг байв. Найзуудаасаа асууж байгаад, эсвэл зүгээр өөрөө алхаж явж байгаад мэдэх мэдэхгүй, сонирхсон сонирxоогүй зөндөө л газар өөрийнxөө материалыг өгдөг байлаа. Энэ үеэр асар их ядардаг байв, учир нь өдөржин хүмүүсийн хэрэгтэй хэрэггүй их олон юм сонсоно, өөрийгөө өчнөөн хүмүүст танилцуулнна гээд орой болоход хэнтэй юу ярьж байгаагаа ч мэддэггүй болдог байв. За тэр ч яахав тэгээд нэг ядраад өнгөрдөг байж. Гэвч тэр өөрийнхөө өргөдөл өгсөн бүх хүмүүстэй дахин холбогдох шаардлагатай болно, хэрвээ сонирхолтой бол жинхэнэ ярилцлаганд орно гээд өчнөөн юм болдог байв. Би ихэнх тохиолдолд яг ямар ажил, юу хийдэг байгууллага гэдгийг сайн судлалгүйгээр ярилцлаганд ордог байсан нь хамгийн том алдаа байдаг байсан юм. Энэ болгонд цаг зав, энерги хүч гэж их хэрэг болно, тэр нь хичээл сургуульд нөлөөлнө. Нэг удаа ярилцлаганд орж байгаад хамгийн сүүлд нь нөгөө хүнээсээ “Ер нь танайх чинь юу хийдэг газар билээ?” гэж асууж өөрийгөө баллаж байсан билээ. Зарим тохиолдолд очиxоо ч мартана. Бүүр өмнөх өдөр нь оюутны нэг парти-д ороод өглөө нь дутуу нойртой ярилцлаганд орж ч байснаа санахад дурсамжтай ч гэсэн аргагуй бага балчир байждээ гэж бодогдоно. Хэтэрхий олон газар өргөдөл өгөхөд ямар нэгэн ажилд орох магадлал өсөхгүй харин буурж мэднэ гэдгийг амьдрал дээр өөрийн биеэрээ баталсан болмой. Тооны өөрчлөлтөөс чанарын өөрчлөлт руу шилжих хууль гэж Монголд дунд сургуульд философийн хичээл дээр үзэж байсан. Тэр онол чинь иймэрхүү юмыг хэлдэг бил үү? Эсвэл би андуураад байна уу?

Бэлтгэл хамгийн чухал — MIT жил бүр олон улсын оюутны програмчлалын тэмцээнд (ACM ICPC) тус бүр 3 хүнтэй 2 баг явуулдаг юм. Азаар ч гэх үү 4-р курсдээ 2-р багийнх нь бүрэлдэхүүнд орсон юм. Тухайн үед тэрxүү тэмцээнд бэлдэх зорилгоор өөрийнxөө компьютерийн чадварыг овоо дээшлүүлсэн байсан юм. Мөн яг энэ үеэр Фэйсбүүктэй ярилцлага хийж эхэлж байв. Эхний шатуудаа даваад, Калифорниа-д Фэйсбүүкийн төв оффист гол ярилцлаганд ирсэн юм. Ярилцлага болохоос 1 хоногийн өмнө зочид буудалдаа ирээд, яг юуны тухай юу ярихаа маш цэгцтэй бэлдээд, нөгөө хүнээсээ юу асуух гэх мэт их бэлдсэн юм. Тэр нь маш хэрэг болсон гэж би одоо боддог. Хэрвээ та үнэхээр тухайн байгууллагад ормоор байгаа бол, нэлээн цаг гаргаж судалгаа хийх, бэлтгэл хийх хэрэгтэй гэж молхи миний бие зөвлөе.

Мэргэн


Ажилын Ярилцлага

Саяхан нэг залууг ярилцлаганд орохыг харлаа. Жил гаруйн өмнө өөрөө яаж ярилцлага өгч байснаа өөрийн эрхгүй санаж байна. Олон хүний зөвлөгөө сонсч өөрөө баахан сууж юм уншаад, нэлээн хэдэн өдөр махаа идсэний эцэст  за одоо үүнээс өөр юм уншвал улам толгой эргэх байх, мэдэж байгаагаа сайн ярихдаа л анхаарлаа хандуулья гэж шийдээд зогссон юм. Харин ч тухайн үед хэдэн сар дадлага хийгээд багийнхаа ихэнх хүмүүстэй нь танил болсон байсандаа ч тэрүү, өөрийнхөө ажилыг дадлагынхаа үед нэлээд хийж суралцсандаа ч юмуу гайгүй өгөөд ажилд орсон юм.
Apple мэтийн технологийн компанид ороход өрсөлдөөн ихтэй, шалгуур ч өндөр байдаг бөгөөд ярилцлага хэд хэдэн үе шаттай болдог. Эхлээд утсаар өөрийн менежер болон багийнхаа хэдэн хүнтэй ярьж шалгуулна. Түүнийг давахад яггүй, заримдаа багийн санал нэгдээгүй нөхцөлд даалгавар өгөөд хэд хоног хүлээж яаж хариулахыг нь харна. Хэрвээ менежер болон багийн хүмүүсийн сэтгэгдэлд нийцсэн бол Apple-н төвд уригдан ирч 2 өдөр марафон ярилцлаганд ордог. Үүнд мөн л багийн гишүүдээс гадна өөр 3-4 багийг оролцуулан нийт 8-10 хүнтэй ярилцлаганд ордог.
Өнөөдрийн залууг хараад яагаад ч юм янз бүрийн өө сэв нь хурдан ажиглагдсан. Чөлөөт хувцаслалт, энгийн хэв жаягийг эрхэмлэдэг технелогийн компаний инженерүүдийн дунд костюм пиджак өмссөн нь содон бөгөөд орчинтойгоо зохицож харагдаагүй. Ярилцагын асуултыг тойрох, өөр сэдэв руу орох нь түүнийг хариултаа мэдэхгүйгээс гадна үнэнч биш, хүнийг аргалах гэсэн мэт харагдуулна. Мэдээж хийх ажилынхаа талаар бүгдийг мэдэх албагүй, түүнийг шаардаагүй ч өөрийн мэдлэгийн хэмжээгээр хариулахыг хичээхийн оронд хүний анхаарлыг өөр тийш хандуулахыг оролдох нь гэнэн хэрэг. Мөн хүний асуусан асуултыг сайн бодож үзэлгүйгээр боломжгүй гэж хариулах нь үнэхээр сөрөг  харагдсан. Өдөржин  хүнтэй харилцаж, ажилын стресс, ачааллаар дүүрсэн менежерт үгүй, бүтэхгүй, хэцүү гэсэн хариулт хэзээ ч өгч болохгуй. Тэр тусмаа ярилцлаган дээр тийм хариулт хэн ч сонсохыг хүсэхгүй. Гэхдээ түүний оронд худлаа ярих, бодит байдлыг нуух нь бас зөв биш. Ямарваа хэцүү бэрхшээлтэй асуулт, даалгавар зөвхөн нэг зөв хариулттай байна гэж бараг байхгүй бөгөөд ихэнх тохиолдолд олон төгс бус шийдвэрүүдээс тухайн нөхцөлд нь тохируулж сонгох хэрэгцээтэй болдог. Тэгээд ч ажилын ярилцлагын үед менежерүүд хариултгүй асуултууд тавьж тухайн хүнийг хэцүү  нөхцөлд риск анализ хэрхэн хийхийг аждаг.
Миний бодлоор ярилцлага өгөхөд амжилтанд хүрэх баталгаатай жор, томьёолол байхгүй гэж боддог. Гэвч хэдэн зүйлст анхаарал тавьбал ямар ч нөхцөлд илүүдэхгүй:
1. Тухайн байгууллагын хэв заншилыг судалж мэдэн түүнд нь зохицоx
2. Асуултанд бүрэн хариулт өгч, өөр сэдэв рүү  хэрэгцээгүйгээр орохгүй байх
3. Ямар ч асуултанд сөргөөр хариулахгуй байх – юмыг байнга эерэг боломжтой гэсэн үүднээс хандах
4. Зөв асуулт тавьж сурах – ихэнх асуултууд бодит байдал дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд зарим нөхцөлд зөв асуулт өмнө нь илэрхий байгаагүй шийдэлд хүргэх нь элбэг (мэдээж маш өндөр оноо авна гэсэн үг)
5. Мэдэхгүй зүйлээ тойруулахгуйгээр шууд хэлж сурах – олон тохиолдолд мэдэмхийрснээсээ болоод өөрөөсөө гадна менежерээ хэцүү байдалд оруулах нь бий бөгөөд тийм хүнээс ямар ч хүн хол байхыг бодно.
6. Хүнд хэцүү асуултанд сандарч тэвдэхгүй, өөрийн бодлыг чөлөөтэй тодорхойгоор илэрхийлж сурах
7. Маш их эрч хүчтэй санаачлагатай байх, эсвэл тэгж харагдаж сурах : )
Таньд амжилт!
Амгалан

Resume гэж юу вэ?

Нэгэн менежеp компанидаа шинэ хүн элсүүлэх болоод зарлал тавьсны үр дүнд 500 шахам хүсэлт, өргөдөл иржээ. Тэр олон бичиг баримтыг бүгдийг нь цуглуулж байгаад талыг нь унших ч үгүй хогийн сав руу хийв. Түүнийг хараад гайхсан компанийн ажилтан учрыг асуутал менежеp ‘Манай компанид азгүй хүмүүс хэрэггүй’ гэж хэлсэн гэнэ. Энэ бол хэдийгээр онигоо ч гэсэн бас цаанаа учиртай юм.

Өрсөлдөөн ихтэй энэ үед нэг ажлын байран дээр маш олон хүн өрсөлддөг. Шинээр ажилтан шалгаруулж байгаа хүн зөвхөн resume дээр үндэслэж дараагийн шатны шалгаруулалтанд оруулах эсэхээ шийддэг гэхэд буруутахгуй байх. Resume гэж юу вэ? Өөрийнхөө боловсрол, мэргэжил, ажлын туршлага, шагнал урамшил, идэвхи, ур чадварийн товч хураангуй гэж хэлж болно. Харин resume дээр цээж зураг, нас хүйс, шашин шүтлэг гэх мэт хувийн чанартай мэдээллийг бичихгүй байхыг зөвлөе. 15-20 жилийн ажлын асар их туршлагатай биш л бол resume-г 1 нүүрэнд багтааж бичих хэрэгтэй. Хэрхэн resume бичих талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс хайгаад үзэж болно биз ээ.

Ямар ажилд өргөдөл гаргаж байгаагаас шалтгаалж ямар зүйл бичих нь өөр байдаг. Жишээ нь компьютер, теxнологийн компанид өргөдөл гаргаж байгаа бол 1-р күрсдээ сургууль дээрээ компьютер засаж байсан тухайгаа бичиж болно. Харин энэ тохиолдолд номын санд ажилласан тухайгаа бичих шаардлагагүй биз ээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд ажилд орох гэтэл resume дээрээ ажлын туршлагатай холбоотой бичих юм олдохгүй байх бэршээл цөөнгүй байдаг. Тиймд сургуульд сурж байх хугацаандаа судалгааны ажил, зуны цагт дадлага хийх зэрэг идэвхтэй байх хэрэгтэй. Эдгээр хийсэн зүйл бага гэлтгүй resume дээр бичвэл их хэрэг болдог.

Би MIT-ийн 1-р күрс-д байхдаа нэг лабораторид судалгааны ажил хийж байсан юм. Одоо бодоход судалгааны ажил гэхээсээ илүү лабораторийн жижиг сажиг л юмыг хийж байсан боловч тэр нь намайг 2-р күрсээ төгссөнийхээ зун Японы SECOM компанид дадлагын оюутнаар ороход их хэрэг болсон юм. Улмаар SECOM-д ажилласан нь дараагийн зун нь Бээжин дахь Microsoft-ийн салбарт дадлагын оюутнаар ороход ч мөн хэрэг болсон юм. Гэх мэт ажлыг, ялангуяа өөрийнхөө сурж байгаа мэргэжилтэй холбоотой ажлийг жижиг гэлтгүй эртнээс сонирхож судлаад, хийж байх хэрэгтэй.

-Мэргэн